Би анхан-дунд шатнаас эхлээд долоон сарын дотор “New York Times” сонин уншдаг болсон – Гэгээ

Англи хэлийг өмнө нь хэдэн жил, хэрхэн суралцсан бэ?

Би бусдын адилаар ЕБС-ийн гурваас төгсөх анги хүртлээ есөн жил англи хэл үзсэн. Ингээд бодохоор урт хугацаа мэт боловч бүтэн өгүүлбэр уншаад ойлгодоггүй, үг бүрчлэн “махчилж” орчуулахаар толгой эргэчихдэг, нэг л ахиц өгдөггүй байлаа. “Англи хэл сурч чадахгүй нь дээ” гэж бодох үе ч гарна. Оюутан болоод англи хэлний сургалтын төвд явж, шинэ үг цээжилж эхэлсэн. Хэдийгээр өдөрт 100 үгийг асуудалгүй тогтоох аргыг сурсан ч өгүүлбэр зохиогоод, өдөр тутамдаа ашиглах гэхээр аргаа олохгүй, их хүндрэлтэй санагдана. Тэгээд өнгөрсөн долоодугаар сарын 20-нд “Гэгээ” боловсролын төвд эгчийнхээ зөвлөсний дагуу ирсэн. Тухайн үед манай эгч энд хятад хэл сурдаг байсан бөгөөд намайг хятад эсвэл англи хэлийн нэгийг судлахыг зөвлөсөн. Анх англи хэлийг сонгож сурч эхэлсэн бөгөөд одоо англи, хятад хэлийг давхар судалж байна.
-“ Гэгээ” боловсролын төвд сурах шийдвэрээ хэрхэн гаргасан бэ?
Анх намайг ирэхэд менежер эгч надад сургалтын арга барилын талаар тайлбарлаж өглөө. Би ном уншаад англи хэл сурах уу гэж эхэндээ маш их эргэлзсэн. Монгол хэл дээр ном унших дуртай ч гадаад хэл дээр уншаад ойлгож чадах эсэхдээ итгэлгүй байсан юм. Гэхдээ сургалтад сууж үзэхээр шийдлээ. Миний англи хэлний түвшинг тогтоосон Б.Билгүүн багш эхний өдрийн хичээлийг орсон юм. Би дэвтэр, балаа ширээн дээрээ ил гаргаж тавихад Билгүүн багш бүгдийг нь далд хийгээрэй гэв. “Тэгээд бичиж тэмдэглэхгүйгээр яаж хичээл хийх юм бол” гэж би их гайхаж байлаа. Багш номыг чангаар уншиж, орчуулж өгөх тул анхаарлаа маш сайн төвлөрүүлээрэй гэсэн. Тэрээр нэг хэсгийг уншиж дууссаны дараа сурагчид буцаагаад чангаар уншиж, орчуулах хэрэгтэй. Тиймээс би хичээлдээ бүрэн төвлөрөхийг хичээсэн. Миний орчуулах ээлж болоход би өгүүлбэрүүдийг тун сайн ойлгосон төдийгүй бараг цээжилчихсэн мэт орчуулж чадсандаа өөрөө ч итгээгүй. Үүнээсээ маш их сэтгэл ханамж аваад баярлаад сууж байтал багш “Ангиас хамгийн сайн анхаарлаа төвлөрүүлж, ярьж байгаа нь Амгалан байна” гэхэд нь бүр их урамшсан.

Тийнхүү би ном уншаад хэл сурч болох юм байна гэдгийг ойлгож, миний бүх эргэлзээ тэр дороо арилсан.


Түүнээс хойш “Гэгээ”-д зургаа дахь сардаа суралцаж байна. Ангид хоёр цаг хичээлдээ төвлөрөхөөр багшийн хэлснийг маш сайн тогтоож, өөрийн болгож чаддаг. Дараа нь гэртээ очоод сонсдог номоосоо ангид уншсан хэсгээ дахин давтана. Ингэхдээ эхний удаад аудио номоо дангаар нь, дараа нь цаасан номтойгоо тулгаж сонсдог. Түүний дараа өөртөө чангаар уншиж, орчуулж өгнө. Энэ бүхнийг хийхэд нэг цаг болдог.
Өмнө нь ном их уншдаг байсан гэж ярилаа. Энэ дадал нь манай сургалтын төвийн заах арга барилд хурдан дасан зохицоход нөлөөлсөн гэж бодлоо. Бидний сургалтандаа ашигладаг англи номуудаас аль нь хамгийн их таалагдсан бэ?
Би 11 дүгээр ангиасаа ном уншиж эхэлсэн. “Самар хатан”, “Хотол цагаан гүнж” зэрэг уран зохиол, түүхэн сэдэвт ном сонирхдог. Гэхдээ “Гэгээ” сургалтын төвд явж эхэлснээсээ хойш номонд бүр их шимтэх болж, англи хэл дээр зохиол уншдаг болсон. Сургалтын үеэр уншсан номууд их таалагддаг. Тэдэн дундаас надад хамгийн их сэтгэгдэл төрүүлж, нөлөөлсөн ном нь “Wonder”. Бусдыг гаднах байдлаар нь дүгнэж болохгүй, дотроо ямар сайхан сэтгэлтэй, хөөрхөн бэ гэдгийг нь олж харах хэрэгтэй гэдгийг энэ номноос ойлгосон. Түүнээс гадна миний бусадтай харьцах байдал, ертөнцийг харах өнцөг ч өөрчлөгдөж, би илүү эелдэг болсон.

Ер нь “Гэгээ”-д явснаар би англи хэлээ цэгцтэй зөв сурч байгаагаас гадна хувь хүний хөгжлийг номоор дамжуулан олж авч байгаа гэж боддог.

Гадаад хэл сурахад хувь хүний хичээл зүтгэлээс гадна багшийн нөлөө их. Тэгвэл “Гэгээ”-ийн багш нарын талаар ямар бодолтой явдаг вэ?
Анх Б.Билгүүн багш миний түвшинг шалгаж, эхний хичээлийг заасан. Тэрээр их гоё энергитэй, найрсаг хүн. Бусадтай их сайхан харилцаж, үргэлж инээмсэглэдэг нь их таалагддаг. Түүнчлэн англиас гадна хятадаар унаган хэл шигээ ярьж чаддаг гэдгийг сонсоод их бахархсан. П.Жамсран багш сурагчидтайгаа тулж харьцаж чаддаг, хичээлээ чадварлаг зааж, ойлгуулж чаддаг гэж боддог.
Ямар зорилгоор англи хэл сурч байгаа вэ? Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцвал?
Би нэг жилийн дараа их сургуулиа төгсөөд хоёр жилийн хугацаанд мэргэжлээрээ ажиллана. Түүний дараа Австрали, Канад зэрэг уул уурхайн тэргүүлэх орнуудад магистрын зэрэг хамгаалахыг хүсдэг. Үүний хажуугаар Германы Фрайбергийн уул уурхайн академийн англи, герман хэлтэй хөтөлбөрийг сонирхдог болохоор урьд нь герман хэл сурч байсан. Түүнээс гадна “Оюу толгой” компанийн гадаадын их сургуулиудад явуулдаг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсдэг. Магистрын зэргээ хамгаалж ирээд Монголын томоохон уул уурхайн компаниудад ажиллана. Түүнчлэн их сургуульд багшилж, хувийн бизнесээ ч эхлүүлэхийг хүсдэг. Эдгээр мөрөөдлөө биелүүлэхэд надад хамгийн их хэрэгтэй байгаа зүйл нь IELTS-ийн хангалттай оноо. Ном уншсанаар уг шалгалтад ул суурьтай бэлдэхэд их тус болж байгаа. Тухайлбал, өгүүлбэр бүрт нэг үг ондоо утга илэрхийлэх тохиолдол гарна. Ингэснээр дараа нь тэр үгээ хаана ч харсан зөв утгаар нь ойлгож чаддаг болсон.

Түүнчлэн их уншсанаар өгүүлбэрийн бүтцийг ойлгож, түүнийг дагаад бичих; аудио номоо их сонсдог болохоор сонсох, ярих чадвар хурдан сайжирч байгаа.

Ирээдүйгээ тодоор төсөөлж, төлөвлөдөг мундаг залуу байна. Ингэж зорилго, төлөвлөгөө гаргахад юу чамд нөлөөлдөг нь сонирхолтой санагдлаа. Хэнээс, хаанаас урам зориг авдаг вэ?
Герман хэл сурч байхдаа Д.Лхамсүрэн гээд сэтгэл зүйч ахтай танилцсан. Тэр ах маань намайг гадаадад сурч, илүү өргөн хүрээний боломжийг өөртөө бий болгохыг зөвлөсөн. Алсын харааг тэлж, ментор минь болсон хүн л дээ. Түүнчлэн ээж маань эгч бид хоёрт итгэж, их дэмждэг. Эгч маань багаасаа англи хэлдээ их сайн байсан болохоор түүн шиг болох юм сан гэж боддог байлаа. Одоо эгчтэйгээ англи хэлний нэг түвшинд сурч байгаадаа баяртай байна.
Их сайхан түүх байна. Яагаад уул уурхайн маркшейдер мэргэжлээр сурахаар болсон бэ? Ирээдүйн мэргэжлээ сонгож амжаагүй яваа дүү нарт нь сонирхолтой байгаа байх?
Анх ШУТИС-д сурна гэдгээ төлөвлөсөн ч ямар мэргэжлээр суралцахаа шийдээгүй байлаа. Барилгын инженер эсвэл архитектур болно гэж бодсон. Тэгтэл манай хамаатны эгч энэхүү мэргэжлийг эзэмшээд, одоо тэр чиглэлээрээ ажилладаг гэдгийг сонсоод, судалж үзтэл надад их таалагдсан. Маркшейдер нь нарийн хэмжилт хийж, хайгуул, олборлолт гээд уул уурхайн бүх шатны үйл ажиллагаанд оролцдог чухал мэргэжил юм.
Англи хэлийг маш сайн сурахаар хичээж эсвэл төлөвлөж байгаа дүү нар, үеийнхэндээ юу гэж зөвлөмөөр байна?
Ямар ч хэлийг ном унших арга барилаар сурч болно гэдгийг маш сайн ойлгосон. Найз нөхөд, дүү нартаа ч энэ аргыг туршаад үзээрэй гэж зөвлөе. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгчлэн хүн хичээлийг хичээж л сурна. Аливаа зүйлийг сурахыг хүсвэл түүндээ бүх сэтгэл, цаг хугацаагаа зориулж байж л амжилтад хүрнэ.
Баярлалаа. Амжилт хүсье.