Хятад хэлэнд дурлахад 14 хоног л хангалттай байсан

Хятад хэлэнд дурлахад 14 хоног л хангалттай байсан
– Манай төвд суралцаж эхэлсэн түүхээс хоёулаа яриагаа эхэлье?
– Би Бээжинд хятад хэлний бэлтгэлд долоон сар суучхаад өнгөрсөн зун гэртээ амрахаар ирлээ. Тэнд маш их ханз цээжилдэг ч утгыг нь ойлгодоггүй, байнга хичээлээ давтдаг ч ахиц гараагүй болохоор хятад хэлнээс залхчихсан байв. Тэгтэл нэг өдөр манай ээж “Гэгээ” төвийн сургалтад суухыг санал болгосон. Анх төв дээр ирээд ном уншиж түвшингээ шалгууллаа. Тэр ном дотор миний мэддэг маш олон ханз байсан ч би утгыг нь мэдэхгүй, хүнд тайлбарлаж чадахгүй байв. Тиймээс анхан шатны ангид сууж эхэлсэн. Нэг түвшинд сурч төгсөөд, амралт дуусч Бээжин рүү буцсан.
– Нэг шатанд сурсны дараа чамд ямар үр дүн мэдрэгдсэн бэ?
Би өмнө нь ойр зуурын ярианы үгээ сурчхаад л хичээл дээр хүнд гай, багшдаа саад болчихгүйхэн шиг чимээгүй суудаг байлаа. Харин “Гэгээ”-д сурчхаад Бээжинд хэлний бэлтгэлийн хичээлдээ суухад багшийн яриаг маш сайн ойлгодог болчихсон байсан. Ойлгохын хэрээр би хичээлдээ идэвхтэй оролцож эхэлсэн. Түүнчлэн би гүйлтээр хичээллэдэг. Өмнө нь тэнд тэмцээнд оролцох үед хэзээ, аль зооноос гүйхээ мэдэхгүй байх зэрэг хүндрэл их тулгардаг байсан. Харин одоо бол тэмцээний үеэр өөрөө өөрийгөө аваад явчихдаг. Багш ирээд “за, чи одоо тэр зооноос гүйнэ” гэхэд би урдаас нь “Би мэдэж байгаа, багш аа” гэж хэлэхээр урамтай санагддаг. Миний англи хэл ч муу. Урьд нь гадаад хүнтэй яриад ойлголцож үзээгүй. Харин одоо гадаад хүмүүстэй өөртөө итгэлтэй харилцдаг. “Гэгээ”-д сурч эхэлснээс хойш “Гадаад хэл сурах ямар гоё юм бэ” гэж боддог болсон.

“Гэгээ”-д сурч эхэлснээс хойш “Гадаад хэл сурах ямар гоё юм бэ” гэж боддог болсон.

– Тэгвэл манай төвд сурснаар чиний сурах арга барилд ялгаа гарсан уу?
-Би ямар ч суурь мэдлэггүй байхдаа Бээжинд хятад хэл сурахаар явсан. Ангид нэг эмэгтэй багш хичээл заагаад л байдаг, би ойлгодоггүй. Дотуур байрны өвөрмонгол багш “ханз цээжилж байж л сурна, нэг л өдөр ярьдаг болно” гээд даалгавраар их шахдаг. Бид нар өдөр бүр 100 ханз цээжлэх ёстой. Гэтэл би өнөөдөр цээжилсэн ханзаа маргааш нь ном уншихдаа танихгүй үе гарна. Энэ байдлаар долоон сар хэлний бэлтгэлд суусны дараа би хятад хэл сурах дургүй болчихсон байсан. Харин “Гэгээ” төвд сураад ханзуудын утгыг нь ойлгож, ашиглаж сурсандаа маш их баярладаг. Үүнд ном унших арга барил их тус болсон гэж бодож байна. Ер нь шинэ хэлийг гадаад хүнээр заалгах, монголоороо тайлбарлуулах хоёр тэс өөр юм билээ.
– Чиний хичээл заалгаж байсан хятад, монгол багш нарын ялгаа нь юу вэ?
Бээжинд бид нар ханзаа цээжилж чадахгүй бол багш шийтгэж, хөл рүү цохьдог. Тиймээс би цохиулахгүйн тулд утгыг нь ойлгоогүй байсан ч хамаагүй нүдлэхээ л бодно. Ер нь хүүхдийн дур хүслийг боддоггүй, маш их шахалтан дор сургадаг. Харин “Гэгээ”-ийн сургалтын арга барил эсрэгээрээ. Би Бээжинд байхдаа гэрийн даалгавар хийсээр байгаад Монголд ирээд хичээл хиймээргүй санагдсан. Тэгээд эхний өдрийн гэрийн даалгавраа хийгээгүй очиход Буянаа багш намайг ер загнаагүй, “заваараа хийгээд ирээрэй” гэсэн. Тэгэхэд би “Энэ багш намайг гэж бодоод зөвлөгөө өглөө. Би хичээлээ хийх ёстой юм байна” гэж бодоод мэрийж эхэлсэн. Түүнчлэн би их ичимхий, олон хүний өмнө ярихаас санаа зовдог. Тэгтэл багш “Олон хүний өмнө яриад алдаж байснаас эхлээд надтай хамт бэлдчих. Би бурууг чинь засаад өгнө” гээд намайг хичээл дээр их нээлттэй байлгадаг. Түвшин ахих тусам надтай хятадаар илүү ярьж, ойлгохгүй бол монголоор тайлбарлаж өгдөг болсон.
Манай боловсролын төвийн юу нь чамд хамгийн их таалагддаг вэ?
Манай хэлний бэлтгэлд өөр улсаас ирсэн үеийн хүүхэд зөндөө. Тэдэнтэй ярилцах юм сан гэж боддог ч хэлснийг нь ойлгодоггүй байлаа. Харин намар буцаж очсны дараа ангийнхан хоорондоо ярьж байгааг нь сонсож ойлгоод, бүр хэдэн үг хэллээ. Тэгтэл тэд намайг дүрмийн ямар ч алдаагүй ярилаа гээд маш их гайхсан. Түүнээс хойш тэдэнтэй чөлөөтэй харилцаж байгаа. Үүнд “Гэгээ” төвд уншсан “Улаан малгайт” ном надад ихээхэн тус болсон. Уг номонд бидний өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явдал, хэрэгцээтэй үгс их гардаг. Би “Улаан малгайт”-ыг цээжээр уншдаг шахуу болчхоод Бээжин рүү буцсан нь надад ийм үр дүн авчирсан. Тиймээс би өвлийн амралтаараа ирээд “Гэгээ” төвдөө дахин сурч байгаа. Саяхан дөрөвдүгээр шатаа дүүргээд тавдугаар түвшиндээ сурч байгаа.
Үүний зэрэгцээ “Гэгээ”-ийн гэрийн даалгавар их таалагддаг. Орчин үед бид гараар бичихээс илүүтэй утас, компьютерийг түлхүү ашигладаг. Гэтэл би урьд нь ханзаа утсан дээр яаж бичихээ мэдэхгүй, их будилдаг байсан. Харин “Гэгээ” төв хүмүүсийн хэрэгцээг соргогоор мэдэрч, цаг үетэйгээ нийцсэн гэрийн даалгавар өгдөг.
Түүнээс гадна барилгын дээгүүр давхарт, өндөрт байрладаг болохоор гадаах дуу чимээ сонсогдохгүй, анхаарлаа төвлөрүүлэхэд их тусалдаг. Ийм тав тухтай, дээрээс нь хичээлдээ дуртай байдаг болохоор хичээлийн хоёр цаг нүд нүд ирмэхийн зуур дуусчихдаг.
-Тэгвэл бидний ашигладаг ном, сурах бичгийн тухайд ямар бодолтой байдаг вэ?
Би монголоор ч ном их уншдаггүй мөртлөө “Гэгээ”-д ирээд хятадаар хоёр үлгэрийн ном уншиж дуусгасан. Үлгэрүүд нь хөгжилтэй болохоор ангиараа инээлдээд л уншдаг. Түүнчлэн бидний өдөр тутамд тохиолддог үйл явдлууд гардаг болохоор сурсан өгүүлбэрээ дараа нь ашиглах бүрэн боломжтой. Цээжилсэн юм шиг боловч унших бүрт өмнө нь ойлгоогүй эсвэл анзаараагүй байсан шинэ үг, дүрмийг олж харж чаддаг.
Би HSK 4 шалгалтад бэлдэж байхдаа өөр олон ном судалж үзсэн. Тэгэхэд надтай тааралдсан номууд нь мэдэхгүй ханз ихтэй, түүнийг нь цээжлэх гэхээр цаг их шаардана. Тэгэхээр нь үлгэрийн ном авахаар номын дэлгүүр орлоо. Дотроо ганцхан үлгэртэй нэг ном 30, 40 юанийн үнэтэй. Хоёр ном авахаар шийдээд нээж үзтэл “Гэгээ”-ийн ногоон номон дотор байдаг үлгэр байсан. Тэгэхээр нь би “айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг шиг өөрийнхөө номыг л бүр сайн уншъя гэж бодсон. Одоогоор “Гэгээ”-ийн хоёр номоо долоо, найман удаа уншчихаад байна.
-Яагаад Хятадад сурахаар шийдсэн нь сонирхолтой байна?
Нэгдүгээрт, манай хөрш улс болохоор гэрийнхэн маань намайг эргэж очиход амархан. Хоёрдугаарт, дэлхийн хаана ч очсон ядаж нэг хятад хүнтэй таарах боломжтой учир их хэрэгцээтэй хэл гэж боддог. Хэлний бэлтгэлээ дуусгаад барилгын инженер мэргэжлээр сурах төлөвлөгөөтэй байгаа.
– Хэлний бэлтгэлдээ ангийнхаа хамгийн муу нь байсан гэж сонссон. Одоо ангийнхан дундаа аль хэсэг нь хамаарах вэ?
– Би одоо олон жил хятад хэл үзсэн хүмүүстэй хамт үндсэн ангид сурдаг. Харин ангийнхан маань одоо ч хэлний бэлтгэлдээ сууж байгаа.
– Тэгвэл одоо хятад хэлэндээ их дуртай болсон байх даа?
Би математикийн хичээлд их дуртай. Урьд нь би “хэлний бэлтгэлд математикаа огт хийхгүй байна, Монголд очингуутаа давтлаганд сууна” гэдэг байсан. Харин одоо “амралтаараа “Гэгээ”-д явна шүү. Бүртгүүлчхээрэй” гэдэг болсон. Хэлний амтанд орох их гоё юм билээ.

Хэлний амтанд орох их гоё юм билээ.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭНЭ ҮҮ

Таны хувийн мэдээлэл цааш түгээгдэхгүй. Доорх бүх талбаруудыг бөглөнө үү.