Хэрвээ би тэтгэлэг хүртээгүй бол өдийд “Гэгээ”-д төлбөрөө төлөөд сурч байгаа даа

Хэрвээ би тэтгэлэг хүртээгүй бол өдийд “Гэгээ”-д төлбөрөө төлөөд сурч байгаа даа
– Юуны өмнө “Гэгээн гүүр” тэтгэлэгт сурагч болсонд баяр хүргэе. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан түүхээс тань яриагаа эхэлье?
– Маш их баярлалаа. Би “Гэгээн гүүр” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн маань их түүхтэй. Нэг өдөр эгч маань ирээд “Манай хүүхдүүд “Гэгээ” боловсролын төвд англи, хятад хэл сурч байгаа. Их дажгүй газар. Чи судлаад үз” гэж зөвлөлөө. Би ч “Гэгээ”-ийн “Фэйсбүүк” хуудас руу нь орж үзээд, хичээлийн байр нь манай сургуультай ойрхон гэдгийг мэдээд их олзуурхсан. Түүнээс гадна ном унших арга барил нь их сонирхол татаад “Амралтаараа явна даа” гэж бодлоо. Тэр үеэс хойш би “Фэйсбүүк” хуудсыг нь байнга шалгадаг болсон юм. Тэгтэл нэг өдөр 10-12 дугаар ангийнхны дунд “Гэгээн гүүр” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан талаар уншлаа. Оролцохын тулд эхний шатанд “Гадаад хэл миний ирээдүйд” сэдэвтэй эссе бичих, хоёрдугаар шатанд ярилцлаганд орох ёстой. Харин шагналын сан нь, “Гэгээ”-ээс шилдэг 10 сурагчийг сонгоод хүссэн хэлээ олон улсын шалгалтын хангалттай оноо авах хүртлээ үнэгүй сурах эрх байлаа. Надад үнэхээр таалагдсан болохоор “Би үүнд л тэнцмээр байна” гэж их мэрийлт гаргасан.
– Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн гэсэн сайхан мэдээг сонсоод ямар мэдрэмж төрсөн бэ?
– Би үеэл дүүгээ цэцэрлэгээс нь авчхаад хоёулхнаа гэртээ байх үед “Гэгээ”-ээс над руу залгаад, тэнцсэн гэдэг мэдээг дуулгасан. Би маш их хөөрсөн болохоор “Баярлалаа” гэж хэдэн удаа хэлснээ ч мэдэхгүй байна. Гэхдээ баярлахын зэрэгцээ эргэлзэх сэтгэгдэл төрөөд “Би Болорчимэг ш дээ, та андуураагүй биз. Яг үнэн үү” гэж лавлаж асууснаа санадаг. Тэгээд л баярлаад өрөөгөө тойроод, орилоод гүйсэн. Манай дүү гайхаад “та яагаад баярлаад байгаа юм бэ” гэж асуухаар нь “би маш гоё зүйлд тэнцчихлээ” гэж хариуллаа. Орой нь манай эгч над руу залгаад “За, баяр хүргэе. Дүү нь чамайг их том зүйлд тэнцээд бөөн баяр болсон гэлээ” гэж баярыг минь хуваалцаж билээ.
Анх 10 хүүхэд шалгаруулж авна гэж зарласан ч эхний уулзалтанд 18 хүүхэд ирлээ. Бид гайхаад сууж байтал “Та нар бүгдээрээ өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй, ирээдүйд ихийг хийж бүтээе гэсэн тэмүүлэлтэй байсан болохоор 10 гэсэн тоо биднийг хязгаарлаж чадсангүй” гэж Б.Билгүүн багш хэллээ. Тэгэхэд энэ хүмүүс бидэнд ямар их сэтгэл гаргаж байгааг нь ойлгоод илүү их хичээх хүсэл, урам төрсөн.

Бүх хүүхдийн чин зүрхийг ойлгож дэмжсэн болохоор “Гэгээ” надад маш их таалагддаг.

-“Гэгээн гүүр” тэтгэлэгт бусад сурагчийн хамт бүтээсэн сайхан дурсамжаасаа хуваалцвал?
Манай “Гэгээн гүүр”-ийнхэн суръя гэсэн бодолтой, их идэвх оролцоотой, сургууль сургуулийн шилдэг хүүхдүүд шиг санагддаг. Бүгд бие биеэсээ их үлгэр жишээ авдаг. Бид өнгөрсөн шинэ жилийн баярын үеэр Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн багачуудыг баярлуулах санаа гаргалаа. Тэгээд бүгд оролцож, бэлэг, хувцас, хичээлийн хэрэгсэл цуглуулах гурван багт хуваагдав. Би бэлэг цуглуулах багт орсон юм. Бид эхлээд том дэлгүүрүүдэд энэхүү аяныхаа талаар танилцуулахад бидэнд тусалъя гэсэнгүй. Тэгтэл нэгдүгээр сургуулийн хажууханд байдаг нэгэн жижиг хүнсний дэлгүүрийн эгч биднийг их уриалгахан хандаж туслахыг зөвшөөрсөн. Тэр эгч бидэнд бэлгийн уут, жигнэмэг, шаар өгөхөд бид их баярлаж, бас эрч хүчтэй болж билээ. Түүнээс хойш их идэвхтэй явсаар бэлгээ цуглуулсан даа. Бусад багийнхан маань ч их идэвхтэй ажилласан байсан. Цуглуулсан зүйлсээ цэцэрлэгийн хүүхдүүдэд өгөөд тэдний баярласан царайг харах их сайхан санагдаж билээ. Тэр хүүхдүүд мөн бидэнд дуулж, бүжиглэж өгсөн нь хайр хүрэм байсан.
-Их сайхан үйл хийжээ. Тэгвэл та нар тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцахаас гадна өөр ямар үйл ажиллагаа зохиодог вэ?
– Бид их хэмжээний мөнгөтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг хүртсэн болохоор үүнийг буцаагаад нийгэмд чиглэсэн сайн дурын аянаар хариулъя гэж төлөвлөж байгаа. Яг ямар төсөл хэрэгжүүлэхээ хараахан шийдээгүй. Гэхдээ Улаанбаатар хотын алслагдсан хэсгийн сургуулийн номын санг тохижуулж, олон сонирхолтой номтой болгоё гэсэн санаа гарсан. Манай “Гэгээ”-ийн сургалтын арга барил ч ном унших болохоор сайхан тохирох байх.
– “Гэгээн гүүр”-ийн тэтгэлэгт сурагч болсноос хойш чиний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
Хамгийн мэдэгдэхүйц өөрчлөлт бол цаг төлөвлөж сурсан явдал. Би ирэх жил ахлах ангиа төгсөх тул хичээл ихтэй. Харин хичээл, сургалтын цагаа зохицуулахад төлөвлөлт их чухал. Түүнээс гадна хичээлдээ илүү төвлөрч, олон цагаар сууж чаддаг болсон.
Англи хэлний мэдлэг мэдээж маш их нэмэгдсэн. Би анх түвшингээ шалгуулаад гуравдугаар шатны ангид орсон бол одоо зургаадугаар шатанд сууж байгаа. Тавдугаар шатнаас эхлээд англи хэлийг шинээр сурч байгаа мэт санагдсан. Бидний уншдаг академик түвшний номонд “ямар хэцүү вэ” гэж бодмоор үгс өдөр бүр тааралдана. Гэхдээ давтан сургалтад суугаад дахиад нөгөө үгстэйгээ таарахаар өөрийн мэдэлгүй хэзээний танил болчихсон байдаг нь гайхмаар.
Түүнээс гадна өмнө нь дандаа гадаад киног монгол хэлээр үздэг байсан. Манай эгч намайг англи хэлээр кино үзэхийг урьд нь зөвлөсөн ч би ойлгодоггүй болохоор дургүйлхдэг байлаа. Харин “Гэгээ”-д явж эхэлснээс хойш киног англи subtitle-тай үзээд нэлээд сайн ойлгодог болсон.
– Хэцүү үгтэй хэзээний танил болчихдог гэж ярилаа. Үүний нууц нь юунд байна?
– Манай Б.Билгүүн багш бид нарт нэг үгийн цаана олон утга байдгийг, бас мэргэжлийн нэр томъёог их сайн тайлбарлаж өгдөг болохоор тэдгээр үг их сайн тогтоогддог. Түүнчлэн өмнө нь сурсан үг дахиж номонд гарвал багш бататгаж асуудаг нь их үр дүнтэй.
Би өмнө нь дүрэм заадаг сургалтад явж байсан. Дүрмийн ерөнхий бүтцийг цээжилсэн мөртлөө яаж, ямар үед ашиглах вэ, хэрхэн утга зүйн дараалалд оруулах вэ гэдгийг сураагүй. Харин ном уншиж эхэлснээс хойш дүрмээ өөрийн мэдэлгүй сайн мэддэг болчихсон байсан. Түүнээс гадна номон дээр олон хүний өөр, өөр амьдрал гардаг болохоор их сонирхолтой байдаг.
– Одоо бол номын амтанд орсон гэдэгт итгэлтэй байна. Харин “Гэгээ”-д сурахаас өмнө ном уншдаг хүүхэд байв уу?
– Урьд нь англи ном уншихыг оролдсон ч ойлгоогүй болохоор хуулж бичдэг байсан. Харин одоо номын дэлгүүр орохоор англи ном л гоё харагддаг болчихсон. Гэртээ ч нэлээд хэдэн ном аваад тавьчихсан. Одоогоор Митч Элбомын “The Five People You Meet in Heaven” номыг хичээлээс гадуур уншиж байгаа.
– Англи хэлийг яагаад гүнзгийрүүлэн сурахаар шийдсэн бэ? Ямар түвшинд хүртлээ суръя гэж боддог вэ?
– Би олон улсын харилцааны чиглэлээр суралцахыг хүсдэг. Хүмүүс Монголоо бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулаад их өөлдөг. Харин надад ингэж харьцуулахын оронд тэднээс үлгэр жишээ авч, Монголоо илүү сайхан болгоход анхаарлаа хандуулаасай гэж боддог. Ирээдүйд улсынхаа хөгжилд гар бие оролцох хүсэлтэй. Тиймээс ч миний ирээдүйд англи хэл туйлын чухал. Түүнчлэн би олон улсын асуудлаас гадна анагаах, улс төр, байгаль орчин, шинжлэх ухаан гээд ямар ч чиглэлийн мэдээллийг эх сурвалжаас нь англиар уншаад шууд ойлгодог болно гэж зорьж байгаа.
– “Гэгээн гүүр”-т тэнцсэнээс хойш олон гайхалтай зүйлсийг сурчээ. Тэгвэл хэрвээ энэ тэтгэлэгт тэнцээгүй байсан бол өдийд юу хийж яваа бол?
– Тэгвэл өдийд өөрөө мөнгөө төлөөд “Гэгээ”-дээ сурч байгаа байх даа. /инээв/ Би ер нь “Гэгээ”-д их дуртай. Сонгоны хичээлдээ суух уу, англи хэлний сургалтдаа явах уу гэдэг сонголт тулгарахад “Гэгээ”-г сонгож байсан үе бий. Манай сургууль ойрхон болохоор би хичээл тараад шууд төв дээр хүрээд ирдэг. Их гоё халуун дулаан уур амьсгалтай, дотно санагддаг. Багш нар эелдэг, гоё ааштай, мэдэхгүй зүйлээ асуухад ерөөсөө цааргалдаггүй. Орчин нь бас их тухтай. Заах арга барил нь ч таалагддаг болохоор одоо их дотно, яг л нэг гэр бүл болсон мэт санагддаг.

Чадахгүй байсан ч багаас нь оролдоод, чаддаг зүйл байвал бага гэж гололгүй хийдэг баймаар.

– Их ухаалаг охин байна. Үеийнхэндээ хандаад юу гэж зөвлөх вэ?
Би хүүхдүүдийг ирээдүйдээ зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй байгаасай гэж хүсдэг. Өөрийгөө чадна гэж үнэлж, өөртөө итгэдэг байгаасай. Чадахгүй байсан ч багаас нь оролдоод, чаддаг зүйл байвал бага гэж гололгүй хийдэг баймаар. Ядаж аав, ээжийгээ бодоод хичээгээрэй.
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Түүний “Гадаад хэл миний ирээдүйд” эссений хэсгээс:
… Би хоёрдугаар ангиасаа хойш математикийн олимпиад бүрт алгасалгүй оролцож, амжилт гаргасан, аавынхаа л хүслийг биелүүлэх гэдэг ганцхан зорилготой бяцхан охин байлаа. Сая нэг юм дүүрэг, хотын олимпиадаас медаль зүүж, нэгдүгээр сургуулийн математикийн ангид онц дүнтэй суралцаж санааг нь багахаан амраатал ээж минь гэнэт “Чи эмч бол” гэж эхлэв. Өөрөө арав гаруй жил шамдан суралцчихаад эмч гэсэн алдраа зүүж чадаагүйдээ ээж минь их харамсаж явдгийг нь би сайн мэднэ. Тиймээс ч нүдний цөцгий мэт нандигнан хайрладаг мальтгар шар охин нь алтан гартай эмч болвол болох нь тэр гэж бодсон байх. Нэгхэн жилийн дотор дүүргийн химийн олимпиаддаа байр эзэлж, хотын олимпиадад тусгай байранд шалгарсан нь бас л ээжийнхээ хүслийг биелүүлэх юмсан гэж бодсон бодлоор хөтлөгдөж байв. Гэхдээ би ээжийн минь хүсэл, аавын минь мөрөөдөл шүү гэж сонирхолгүй зүйлсээ олон жил хийж алдахаасаа илүү авсан нь их болохоор би огтхон ч харамсаж байгаагүй. Харин ч энэ дундаас өөрийн хүсэл сонирхол, ирээдүйн зорилгыг эргэлт буцалтгүйгээр олж авсан мэт санагддаг… Манайх шиг хөдөлмөрийнхөө үр шимээр амьдардаг, энгийн ажилчин айлын охин зөвхөн өөрийн сурч мэдсэн зүйл, ухаанаараа тэтгэлэг авах ёстой. Тэгж л зорьсон сургуульдаа сурч, хүссэн мэргэжлээ эзэмшиж, ирээдүй хойчдоо дурсагдсан их зүйлсийг бүтээж, үнэт амьдралаар амьдрах болно шүү дээ. Товчхондоо англи хэлгүй л бол алс хэтдээ явахаа байлаа гэдэг үгийн утгыг хүнээр хэлүүлэлтгүй ойлгож байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ч эзэн нь хичээгээд, хичээгээд эв дүйгээ олохгүй байгаа надад “Гэгээ” төвийн багш ажилчид, хүсэл мөрөөдөлдөө хүрэх минь хамгийн цагаахан, хамгийн гэгээхэн “Гэгээн гүүр” нь болоосой. Тэгвэл би эндээс сурсан, мэдсэн бүхий л зүйлсийнхээ үр шимийг үлдээх болно гэдгээ итгэлтэйгээр амлаж байна.