Хилийн зурваст 20 жил тээсэн англи хэл сурах МӨРӨӨДЛӨӨ биелүүлж явна даа

Хилийн зурваст 20 жил тээсэн англи хэл сурах МӨРӨӨДЛӨӨ биелүүлж явна даа
Тун удахгүй монгол түмний бахархал болсон Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн өдөр болон Наурызын баяр тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан “Gegee talks” булангийн энэ удаагийн зочноор эр цэргийн албанд 20 гаруй жил зүтгэж яваа, манай төвийн суралцагч Б.Аманбекийг урьж ярилцлаа. Тэрээр Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист хилийн манаанд зогсож байхдаа дэлхийн хэл болох англи хэлийг хэрхэн бие дааж сурч эхэлсэн түүх, Улаанбаатар хотод ирээд мөрөөдлөө хэрхэн биелүүлж байгаа талаар бид тантай хуваалцах болно. Түүнчлэн та түүний урдаа тавьсан зорилгодоо хүрч чаддаг тууштай зан болон эр цэрэг хүний бахархлын талаар уншаарай.
– Юуны өмнө танд удахгүй болох Эр цэргийн баяр болон казак түмний эртний уламжлалт Наурызын баярын давхар мэнд хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
– Баярлалаа. Намайг Б.Аманбек гэдэг. Би 20-оод жил Монгол Улсынхаа дархан хилийг тойрч, эх орныхоо тусгаар тогтнолын манаанд зогссон. Одоогоор Улаанбаатар хотод Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаад нэг жил болж байна. Би бага байхаасаа л англи хэл сурахыг мөрөөдөж, бие дааж үзсэн дээ. Төв газар орж ирснийх олон жил тээж явсан хүсэл эрмэлзлэлээ биелүүлэхээр зорьж байна.
– Англи хэл сурахыг мөрөөдөж эхэлсэн түүхээсээ бидэнтэй хуваалцвал?
– 1994 онд Баян-Өлгий аймгийн Гуравдугаар сургуульд лицей анги нээгдэж, би шалгалтад тэнцээд орлоо. Тэнд англи хэлтэй анх танилцаж, гадаад хэлтэй болсноор олон зүйлийн гарц нээгдэхийг ухаарсан. Түүнээс хойш англи хэлийг маш сайн сурахыг мөрөөдөх болсон. Их сургуульд англи хэлийг хэсэг үзээд, төгсөөд томилолт авснаас хойш олон жил хилийн манаанд явлаа. Хөдөө газар өөрөө бие дааж сурахгүй бол багш, шавийн харилцаатай байх боломж хомс. Тиймээс өөрөө ном аваад бие дааж үздэг байлаа. Тэгтэл нэг түвшинд хүрч гацчихаад цаашаагаа явдаггүй. Тиймээс төв газар орж ирснийх мөрөөдлөө биелүүлэх арга хайж эхэлсэн дээ.
– Тэгвэл та яагаад манай боловсролын төвийг сонгосон бэ?
– Хот газар англи хэлний сургалтын төв зөндөө байна. Би анх 5, 6 газар сонгож аваад, арга барилыг нь судалсан. Дүрэм тайлбарладаг, ангид бичүүлдэг, даалгавар өгдөг гээд нөгөө л уламжлалт аргууд. Тэгтэл манай найз “хүүхэд нь “Гэгээ” төвийн хятад хэлний ангид явдаг” гээд их ам сайтай, магтаж ярьсан. Тиймээс зорьж ирж уулзаад, номыг чанга дуугаар унших арга барилаар англи хэл заадгийг сонсоод их таалагдсан. Би өөрөө ном унших дуртай болохоор миний сэтгэлд шууд буусан гэж хэлж болно. Ном чанга дуугаар уншихаар хүн бүх мэдрэхүйгээр хүртэж, ойлгож хэлийг аяндаа сурдаг талаар манай багш нар заадаг. Түүнээс гадна “бид хүүхдэдээ багад нь монгол, казак хэлийг дүрэм үзэж заадаггүй биз дээ” гэж хэлсэн нь надад их соргог мэдрэмж төрүүлсэн. Үнэхээр бид хэлийг аяндаа л сурдаг. Тиймээс би энэхүү арга барилд итгэсэн.
– Та анхны хичээлдээ суугаад төрсөн мэдрэмжээ эргэн санавал?
– Би анх Болор-Эрдэнэ багшийн ангид суусан. Өөрийнхөө хүүхэд шиг залуустай нэг ангид суугаад, буруу уншчих вий, багш юу гэх бол гээд эхэндээ их сандарсан. Гэхдээ айдсаасаа болж мэдэхгүй хэвээр үлдсэнээс түүнийг даваад шинийг сурсан нь илүү болохоор аяндаа бие тавирсан. Хичээл дээр шууд л зохиол уншаад эхэлдэг болохоор их сонирхолтой, агуулгадаа хөтлөгдөөд явахаар гадаад хэл үзэж байна гэсэн ачаалал, дарамт мэдэрдэггүй. Уншиж, орчуулах явцад багш дүрэм тайлбарлаж өгөхөөр шууд толгойд буудаг нь их олзуурхмаар.
Би 2017 онд Өмнөговь аймагт хил дээр томилогдоод хэсэг ганцаараа амьдарсан. Тэр үедээ интернэтээс англи хэлний заавал мэдэх 100 үгийг олоод, гэрийнхээ нэг ханыг дүүртэл нь наагаад цээжилдэг байлаа. Гэхдээ хэрэглэе гэхээр аргаа олдоггүй, удалгүй мартчихна. Харин “Гэгээ” төвд ирснээр ном унших бүртээ шинэ үгтэй тулгарна, багш орчуулаад тайлбарлаад өгнө. Тэгэхээр өөрийн эрхгүй шинэ үг тогтчихдог, заавал цээжлээд, ханандаа наагаад байх шаардлагагүй. Энэ мэтчлэн яг миний хүссэн аргаар заадаг болохоор би хоёрдугаар шатнаас эхлээд одоо тавдугаар түвшиндээ суралцаж байна. Цаашид ч бүх түвшний ангийг дүүргэнэ гэж боддог.
– Та манай төвд дөрөв дэх сардаа сурч байгаа. Энэ хугацаанд эзэмшсэн зүйлсээ дүгнэвэл хэр их мэдлэгийг өөртөө шингээсэн байна вэ?
– Одоо би ямар ч өгүүлбэрийг уншаад ойлгоно. Үзэж байгаа ном маань бүгд аудио хувилбартай болохоор Улаанбаатарын түгжрээнд өдөр бүр үрдэг байсан хоёр, гурван цагаа үр бүтээлтэй ашигладаг боллоо. Нэг түвшинг дүүргэчхээд хичээлийн сүүлийн өдөр тухайн зохиолоор хийгдсэн кино үзэж, өмнө нь үзсэн агуулга, шинэ үг, өгүүлбэрээ улам бататгаж байна. Миний англи хэл сурах гараа 1994, 95 оноос эхэлсэн гэж үзвэл түүнээс 2018 он хүртэл үзсэн бүх эрдмээс илүүг “Гэгээ” төвд сурлаа.
– Та энэ хугацаанд манай ихэнх англи хэлний багшийн ангид сурч үзжээ. Багш бүрийн заах арга барилын онцлогийн талаар сэтгэгдлээ хуваалцвал?
– Монголын хүүхэд, залуус дэлхийн хэл-англи хэлийг сурахад асар их хувь нэмэр, хөдөлмөрөө зарцуулж байгаад би багш нартаа их талархдаг юм. Над шиг мөрөөдөлдөө хүрч чадахгүй, төөрч яваа олон хүмүүст тэд тусалж, суралцагчид ч нүдэн дээр үр дүнгээ мэдэрч байна.
Миний анх хичээлд нь суусан М.Болор-Эрдэнэ багш суралцагч нараар өөрсдөөр нь номыг уншуулж, мэдэхгүй, чадахгүй байгааг нь заадаг. М.Батмөнх багш номыг өөрөө уншиж өгөөд, түүнийг хөгжөөн, наргиантай байдлаар тайлбарлана. П.Жамсран багшийн аялга нь их цэвэрхэн болохоор мэдэхгүй, буруу дуудаж байсан үгээ багшийг дуурайгаад хэлчихдэг. Түүнчлэн П.Жамсран багш номоос жижиг хэсгийг цээжилж ирэх даалгавар өгнө. Цээжлэхээр сонссон мэдлэгээ илүү бататгаж өөрийн болгож, анхаарал төвлөрч, сэтгэлээ тогтоож сурдаг. Бид цээжилсэн хэсгээ самбарын өмнө зогсож унших ёстой. Эхэндээ үгээ буруу дуудах вий гэж биеэ барина, сандарна. Сүүлдээ хүн өөртөө итгэлтэй болчихдог юм билээ. Б.Билгүүн багш шинэ үг бүрт тогтож, тухайн өгүүлбэрт ямар утгаар орж байгааг нарийн тайлбарлах бөгөөд огт бичүүлдэггүй. Учир нь, англи хэлний үг бүр олон салаа утгатай. Хэрвээ бид нэг утгыг нь бичээд авчих юм бол тэр утгаар нь цээжлээд дараагийн утгыг нь хүлээж авахаа больчихдог. Нэгтгээд хэлэхэд манай багш нар бүгд чадварлаг, өөрийн гэсэн арга барил, давуу талтай, суралцагч нарт мэдлэгийг түгээж, сайн суурийг тавьж чаддаг.
Манай төвд яриа, дүрэм, эссе бичлэг, киноны клуб тогтмол явагддаг. Та аль клубт хамрагддаг бэ?
– Би ярианы клубт явдаг. Бид номыг уншаад, сонсоод ойлгож байна. Ойлгосноо боловсруулаад хэрхэн буцаагаад гаргаж, илэрхийлж сурахыг ярианы клубээс сурдаг. Сонирхолтой, тоглоомон хэлбэрээр хичээл явагддаг учраас их сайхан. Ярианы клубыг явуулдаг, англи хэлний мэргэжлийн канад багш Сарагийн өгдөг даалгавар, тоглоом, подкастууд их таалагддаг.
– Танай анги ихэвчлэн уншлагын танхимд ордог. Манай номын сангийн номоос уншчих юм сан гэсэн бодол төрдөг үү?
– Мэдээж тийм бодол төрнө. Тэнд олон алдартай зохиолууд өрөөстэй байна. Эдгээрийг хэзээ нэг уншиж, шимтэх бол доо гэсэн хүсэл тэмүүлэл, сонирхол зөвхөн надад төдийгүй манай ангийнханд, хүүхэд залууст бүгдэд нь байдаг.
– Та энэ олон жил англи хэл сурах мөрөөдлөө хадгалсаар, зорьсоор ирсний нууц нь юундаа байна вэ? Хаанаас урам зориг авдаг вэ?
– Би их тууштай хүн. Бодсон зүйлээ заавал хэрэгжүүлж байж таашаал авдаг, эцэг эхээс олгосон зан, хүмүүжил надад байна. Би ажил дээрээ нэг самбартай. Самбар дээрээ долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө англиар бичдэг. Энэ нь би ажлаа төлөвлөх, шинэ үг сурч, ашиглахыг хослуулсан нэг арга. Ийм маягаар сурсан зүйлээ үргэлж ашиглаад явахыг боддог. Түүнчлэн сайхан залуус, хүүхдүүд англи хэлээр чөлөөтэй ярьж байхыг интернэтээр хараад их сайхан санагдаж, үлгэр дуурайл авдаг. “Хүний сурсан эрдмийг би яагаад сурч болохгүй гэж” гэдэг үгээр өөрийгөө олон жилийн турш хурцалж ирсэн. Англи хэл сурах гарцаа мэдэхгүй явсан болохоор хугацаа алдсан. Гэхдээ одоо зөв аргаа олсон болохоор тун олзуурхаж байгаа.
– Та англи хэл сурснаар өөрийн гэр бүл, найз нөхдөдөө нөлөөлж байна уу?
– Мэдээж, тэгэлгүй яахав. Манай эхнэр англи хэлний багш. Англи хэлийг ном унших аргаар зааж болдог гэсэн танай заах аргын талаар бяцхан зөвлөгөөг би эхнэртээ хэлдэг болсон. Орчин үеийн хүүхдүүд номоос их хөндий өсч байна. Харин энэхүү арга нь хүүхдүүдэд англи хэл сургахаас гадна номтой харьцахыг зааж байгаа нь сайшаалтай. Тиймээс би охиноо “Гэгээ”-ийн хүүхдийн англи хэлний ангид сургаж эхэлсэн. Бид хоёр гэртээ хэлээ хэрхэн сурах талаар ярилцана, санал бодлоо солилцоно. Ер нь би гадаад хэл сурах хүсэл тэмүүлэлтэй явж байгаа хүн бүрт “Гэгээ” төвийн талаарх мэдээллийг хүргэе гэж боддог.
– Англи хэл сурснаар таны хувь хүн болон ажил мэргэжлийн хувьд ямар давуу тал бий болж байна даа?
– Багш нар биднийг сонсголоо нээхийн тулд хүссэн зүйлээ англи хэл дээр үзэхийг зөвлөдөг. Гэхдээ хүн хүний үзэл бодол, сонирхол өөр тул заавал бүгд нэг зүйлийг үз гэж шахдаггүй. Миний хувьд гэвэл “Discovery Asia”, “History channel” зэрэг танин мэдэхүй, түүхийн чиглэлийн суваг үзэж эхэлсэн. Гадаад эх сурвалжаас шууд мэдээлэл аваад эхлэхээр хувь хүний хандлага, дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг харах өнцөг, бодол их өөр болдог юм байна.
Ажил мэргэжлийн хувьд гэвэл, би ХСИС-ийн докторантын сургалтад сууж байгаа. Цаашдаа эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд гадаад хэл маш чухал учир сурч байгаа зүйл маань их хувь нэмэр оруулна.
– Танай үеийнхэн англи хэл сурах хэр эрмэлзлэлтэй байдаг вэ? Та үлгэр жишээ болох хүний хувьд тэдэнд юу гэж зөвлөх бол?
– Миний үеийнхэн дунд англи хэл суръя гэж зорих хүн цөөхөн байна. Гэхдээ би тэдэнд сурсан мэдснээ түгээхийн тулд “Энд ийм сайхан боломж байна. Та нар өөрсдөө явдаггүй юм гэхэд хүүхдээ сурга” гэж хэлдэг. Хүмүүс ном унших арга барилын талаар сонсоод тун нааштай хүлээж авдаг.
– Та чамгүй хугацаанд манай төвд суралцаж байна. Одоо та “Гэгээ” төвийн үүдээр ороод ирэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?
– Өдөржин ажил дээр байгаад оройдоо “Гэгээ” төвд орж ирээд, хичээлдээ суухаар өнөөх стресс, ядаргаа бүгд тайлагддаг. Хичээл тараад явахаар ямар ч сөрөг мэдрэмж байхгүй, сэтгэл сэргээд сайхан болчихно. Хүн сүм хийдэд очихоороо амар амгалан болдогтой адил мэдрэмж надад төрдөг. Охин маань ч бас тэгж хэлж байсан. “Гэгээ” төв нэрэндээ тохирсон их гэгээлэг номын өргөө юм даа.
– Та англи хэлийг их сэтгэл гаргаж сурч байгаа нь илт. Харин англи хэл таны хувьд чухам ямар үнэ цэнийг бүтээж байна даа?
Нэгдүгээрт, би дуртай зүйлээ сурч байгаа болохоор англи хэл сурах нь миний хобби юм. Хоёрдугаарт, олон жилийн турш мөрөөдөж ирсэн болохоор ард нь гарах зорилго болсон. Гуравдугаарт, хувь хүн болон ажил мэргэжилд маань тун их хувь нэмэр оруулах болохоор англи хэл сурах нь би өөртөө хийж буй хөрөнгө оруулалт билээ. Ийм үнэ цэнтэй болохоор би англи хэл сурахад их үнэнч ханддаг. Гэртээ хариад дор хаяж гурван удаа номоо давтаж уншина. Машиндаа үргэлж аудио номоо сонсоно. Амжилттай эр хүний ард эхнэр нь байдаг гэдэг шиг миний англи хэл сурах үйлсэд минь бүхий л боломжоор хангадаг гэр бүлийн хүндээ талархдаг. Ингэж сэтгэл, цаг заваа зарцуулж байж л хэл сурахад үр дүн гарна гэж боддог.
– Удахгүй Эр цэргийн баяр болох гэж байна. Та эр цэргийн албанд 20 гаруй жил зүтгэсэн ах хүний хувьд залуус, эрчүүддээ юу захих вэ?
– Цэргийн алба хаасан залуусыг бусадтай нь харьцуулахаар илүү жавхаалаг, цог золбоотой, хүний үгийг сонсож, хүлээж авч сурсан, сэтгэлийн тэнхээтэй, нэг үгээр хэлэхэд илүү даацтай эр хүн болж төлөвшдөг. Тэд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн, өөр орчинд өсч хүмүүжсэн эрчүүдийн дунд өөрийн гэсэн байр сууриа олж сурдаг. Мэдээж бие бялдрын хувьд илүү чийрэг, ачаалал даах чадвартай болно. Ийм эр хүн айл гэрийн ноён нурууг авч явж чадна. Сайн, саар хоёр зэрэгцэн оршдогийн адилаар олны дундаас нэгийнх нь хийсэн алдаанаас болж бүх цэргийн нэр хүнд унаж байгаад харамсдаг. Тиймээс цэргийн албанд ч хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг гэдгийг залуустаа сануулмаар байна. Эх орноо хамгаалах цэрэг болно гэдэг бол эр хүн бүрийн үүрэг, нэр төр юм. Цэргийн албанд мордсоноор хүн эх оронч үзлийг өөртөө шингээж, эх орны хүү болж төлөвшдөг. Товчхон хэлэхэд энэ албанд залуус бие бялдар, оюун санаа, сэтгэл зүрхээрээ хүмүүждэг. Би хувьдаа Монгол Улсын хоймор нутгаас Өмнийн говьд, Алтай таван богдоос Дорнын талд эх орныхоо дархан хилийг манаж, олон сайхан эрчүүдтэй нөхөрлөж яваадаа их бахархдаг. Энэ завшааныг ашиглаад цэрэг эрчүүддээ Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн өдрийн мэнд дэвшүүлье.
– Ярилцсанд баярлалаа. Танд Эр цэргийн баяр болон Наурызын баярын мэндийг дахин хүргэе.

СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭНЭ ҮҮ

Таны хувийн мэдээлэл цааш түгээгдэхгүй. Доорх бүх талбаруудыг бөглөнө үү.