Би НҮБ-д ажиллах мөрөөдлөө биелүүлэхээр хятад хэл сурч байгаа

Би НҮБ-д ажиллах мөрөөдлөө биелүүлэхээр хятад хэл сурч байгаа
“Gegee Talks” булангийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Их Сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Маргад оролцож байна. Тэрээр манай төвд өнгөрсөн нэгдүгээр сараас хятад хэл сурч эхэлсэн бөгөөд хоёр сарын дотор мэдээ, кино үзэж ойлгох түвшний мэдлэгтэй болжээ. Ийнхүү том мөрөөдөл, зорилготой охины “Гэгээ” төвөөс эхлүүлж “Бээжин хүрэх” аяллын талаар хамтдаа сонирхъё.
– Яагаад хятад хэл сурахаар шийдсэн түүхээс тань яриагаа эхэлье?
Би 11 дүгээр ангид байхаасаа хойш Хятад Улсад суралцахыг хүсдэг болсон. Учир нь, Хятад дэлхийн хамгийн хүчирхэг улсын нэг болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Тиймээс Хятадад суралцах нь дэлхийн хөгжил дэвшлийн төв цэгээс мэдлэг авч байгаатай адил гэж би хувьдаа боддог. Тиймээс орчин үед хятад хэл сурах нь зайлшгүй.
Би зургаадугаар ангидаа анх хятад хэлний хичээл үзсэн. Тэр үед улирал бүрт шинэ хичээл эхлэхдээ “Сайн уу?” гэдгээс эхэлж заадаг байсан нь жаахан уйтгартай санагддаг байсан. Түүнээс гадна дүрмээ ч сайн ойлгоогүй, сүүлд нь ганцхан “Сайн уу”-тайгаа л үлдчихсэн байсан.
– Тэгвэл яагаад “Гэгээ”-д сурахаар шийдсэн бэ?
Ээж “Гэгээ” төвийн талаар эртнээс мэддэг, надад энд сурахыг үргэлж санал болгодог байлаа. Тэгээд өнгөрсөн өвлийн оюутны амралтаар бид хоёр зорьж ирээд, сургалтад сууж үзсэн. Эхний өдрөөсөө л хичээл их таалагдсан. Заах арга нь их үр дүнтэй, хүмүүст мэдлэгийг амархан ойлгуулж чаддаг мэт санагдсан. Бусад сургалтын төвд ханз их бичүүлж, гар ядраадаг, ханзаа ч баттай тогтоолгодоггүй. Харин “Гэгээ”-д бид үлгэр унших байдлаар огт залхахгүй, сонирхолтой хэлбэрээр хятад хэл сурдаг. Англи хэлний хичээл дээрээ ч зохиол уншдаг гэж сонссон. Би хятад хэлний нэгдүгээр шатнаас эхлээд одоо гуравдугаар түвшинд суралцаж байна.
– Тэгвэл манай төвд суралцаад ямар үр дүн гарч байна даа?
Үлгэр уншиж дууссаны дараа багш дөнгөж сурсан ханз, шинэ үг асуухад бид шууд зөв хариулж чаддаг. Яаж тогтоосноо мэдэхгүй, цаанаасаа л толгойд буучихсан байдаг нь гайхмаар. “Гэгээ”-д сурснаас хойш богино хугацаанд маш их ахиц харагдаж байгаа бөгөөд хятад хэл сурах нь амархан юм байна гэж боддог болжээ. Тиймээс хятад хэлний HSK 6 шалгалт өгтлөө тууштай сурахаар шийдсэн.
– Хятад хэлийг маш сайн сурснаар чиний амьдралд ямар өөрчлөлт гарах вэ?
Би багадаа орос, дунд ангид ороод англи сургуульд сурсан. Одоо дэлхийд хамгийн олон хүн ярьдаг хятад хэлийг сурч байна. Ийнхүү олон хэл сурснаар бусдаас онцгойрч, ажлын талбарт өндөр амжилт үзүүлж, илүү их боломжийг өөртөө бий болгоно гэж боддог. Түүнээс гадна шинэ хэл сурах бүрт шинэ соёл, уламжлалтай танилцах мэдрэмжинд дуртай. Би хэл сурах хоббитой хүн гэж хэлж болно.
– Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө манай уншигчидтай хуваалцахгүй юу?
Би олон улсын харилцаа мэргэжилдээ дуртай, бас аялахыг үргэлж тэмүүлж байдаг. Ирээдүйд Нэгдсэн Үндэсний Байгууллагад ажиллахыг үнэхээр их хүсдэг. Хятад хэл сурч байгаа нь миний ирээдүйдээ оруулж байгаа их том хөрөнгө оруулалт юм. Би НҮБ-д ажиллах хүслээ биелүүлэхээр хятад хэл сурч байгаа гэж хэлж болно. Одоогоор Хятадын засгийн газрын тэтгэлэгт өргөдлөө өгчихсөн, шалгалт, ярилцлага гээд завгүй гүйж явна.
– Сайхан мөрөөдөл байна. Дандаа Энхжин багшийн ангид суралцсан юм байна. Багшийнх нь заах арга барил ямар санагддаг вэ?
Анхнаасаа Энхжин багшаар заалгаж, сууриа тавьсан болохоор багшдаа их дасчихсан. Төгсөх хүртлээ энэн багшийнхаа ангид сурна гэж боддог. Энхжин багш мэдлэгийг суралцагчдад баттай ойлгуулж, хичээлдээ төвлөрүүлж чаддаг, хошигнох үедээ ч хамт инээлдчихдэг. Их мэдрэмжтэй. Бид хичээл дээр үлгэр уншихдаа хошин байдлаар орчуулж хөгжилдөх үе зөндөө. Манай ангийнхан гэртээ хариад мессенжерээр хятадаар хөгжилтэй зүйлс бичилцэж, байнга л инээлддэг.
Өмнө нь хятад хэл үзэхдээ дандаа дарамтлуулдаг байсан/хэхэ/. Ханзаа хэдэн хуудас бичих, хүчээр цээжлэх ёстой.
– Гэртээ хариад хичээлээ давтах цаг хэр их гардаг вэ?
Ангид үзснээ гэртээ очоод давтахаар их сонирхолтой байдаг. Гэхдээ бие даалт, шалгалт ихтэй болохоор сургалтдаа цагаасаа эрт ирээд давтах үе гарна. Ээж намайг “их ядарлаа, дараагийн түвшинд суухаасаа өмнө нэг долоо хоног амарчих” гэж зөвлөсөн. Гэхдээ би дунд нь завсарлага авчихыг хүсэхгүй байгаа. Зорилгоо мэдэж байгаа учраас цаанаасаа хийх, сурах дур хүсэл ундардаг. Тиймээс ч хятад хэлийг заавал сурах ёстой гээд тууштай байхыг илүүд үзэж байгаа.
-Хятад хэл сурснаар чи өөрийн гэр бүл, найз нөхдөдөө ямар нөлөө үзүүлж байгаа вэ?
Би айлын том, доороо хоёр дүүтэй. Ээж дүү нарт “Эгч чинь дандаа даалгавраа хийж байгааг хараад үлгэр дуурайл ав” гэж хэлдэг. Түүнчлэн багшийн зөвлөсний дагуу би мэдээ үзэж, гэрийнхэндээ орчуулж, тайлбарлаж өгдөг болсон.
-Хятад хэлийг анхан шатнаас нь үзээд хоёрхон сарын дотор хятад суваг үзээд ойлгодог болсон гэхээр их гайхалтай санагдаж байна. Үүний нууц нь юунд оршиж байна вэ?
“Гэгээ”-д сурсан ханзаа дуудлагаар нь их сайн тогтоогоод, дараа нь хараад таньдаг болдог юм билээ. Одоогоор кино, мэдээ үзээд ойлгодог болсон. Д.Болдбаатар багшийн гаргасан ном унших арга барилаар унших, бичих, сонсох, ярих дөрвөн чадварыг эзэмшиж болно гэдэгт би итгэдэг. Ном уншиж шинэ ханз сурахаар дараа нь ямар ханз гарч ирэх бол гэсэн сонирхлыг өдөөж, сурах хүслийг асааж өгдөг юм шиг санагддаг.
– Бусдад үлгэр дуурайл болмоор ухаалаг охин байна. Үеийн залуустаа хандаж юу хэлэх вэ?
Хүсэл эрмэлзлээ дагаад, тууштай хийгээд байвал нэг л өдөр амжилт хүрээд ирнэ гэж өөртөө үргэлж сануулдаг зүйлээ үеийнхэндээ захья.
-Баярлалаа. Амжилт хүсье.

СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭНЭ ҮҮ

Таны хувийн мэдээлэл цааш түгээгдэхгүй. Доорх бүх талбаруудыг бөглөнө үү.