Хятад улсад суралцаж, амьдрах бяцхан зөвлөгөө

Хятад улсад суралцаж, амьдрах бяцхан зөвлөгөө

Та бүхэнд Хятад улсад сурах болон аялах талаар зөвлөгөөг цувралаар нийтэлж байгаа. Энэ удаад манай багш Buyanjargal Ganbaatar маань

“ХЯТАД УЛСАД СУРАЛЦАЖ, АМЬДРАХ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ” -г хүргэж байна.

Буянаа багш: Заа, Хятад руу анх сурахаар явахад найз нөхөд, хамаатан садан гээд ойр тойрны хүн болгон сонссон дуулсан, элдэв бүрийн зөвлөгөө өгнө. Бүх зүйл нь хортой гэж анхааруулж, бүр оо сойз, саван шампуниас өгсүүлээд гурил, будаагаа гэрээсээ зөөх нь холгүй юм болно. Хятад улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чанараараа дэлхийд тэргүүлдэг гэхгүй ч олон тэрбум хүн хэрэглээд, амьдраад л байгааг санах хэрэгтэй. Томоохон сүлжээ дэлгүүр, супермаркетын барааны чанар, нэр төрөл манайхаас илүү гарна уу гэхээс дутахгүй. Том гүрэн шүү дээ. Яахав мах, борц, ааруул зэрэг зүйлс байхгүй. Тиймээс агаарын тээврийг бодвол шалгалт арай зөөлнөөр нь газраар зорчихдоо бага хэмжээгээр аваад явахгүй юу, юмыг яаж мэдэх вэ.

Өмнө нь манай гурван багшийн дурдсанчлан хоол унд, хичээл амралтаа тааруулж, ходоод, гэдэс, биеэ аль болох хайрлан гамнаарай. Тэнд сурч байгаагийн олон давуу талаа ашиглаж чадвар төгссөний дараа харамсах зүйлгүй сайхан. Сурч буй хот, мужийнхаа талаар өөрөө судалж, сонирхолтой газруудаар явж, шинэ хоол туршиж үзээрэй. Мэдэхгүй, сонин заншилтай таарвал “шал тэнэг юм” гэж бодохоосоо урьтаж яагаад ингэх болсон тухай сониучирхахыг хичээгээрэй. Хятад хүмүүсээс асууж, ярилцаж л байвал нэг мэдэхэд түүх, соёлоос нь түүртэлгүй мэдээд эхэлнэ дээ (яриа ч сайжирна кк). Мөн хятад хүн бүрийн өдөр тутамдаа хэрэглэдэг Taobao, Wechat, Didi taxi, Jingdong, Dangdang, Eleme зэрэг гар утасны апп–уудыг сайн ашиглаж, цаг мөнгөө хэмнэх хэрэгтэй.

Дөнгөж дунд сургуулиа төгссөн оюутнууд төдийгүй Монголд бакалавр, магистрт сурахдаа аав ээждээ эрхэлж төгссөн оюутнууд ч тэнд очоод сурах зорилгоо умартах гээд байдаг. Гэнэтхэн эцэг эхээсээ холдож, тэтгэлэгтэй бол тодорхой хэмжээний эдийн засгийн эрх чөлөөтэй болчихдог учраас тэр. Хий дэмий мөнгө үрэх, шоудахыг бүр яриад ч хэрэггүй биз. Шөнө болтол баахан савангийн дуурь үзэж, олноороо доргиж, элдэв юм ярьж суусаар яваандаа өглөө босох аймшигтай хэцүү болж хувирдаг. Багш нар мэдээж өглөө бүр ирээд “хүүе босоод хичээлдээ яваарай” гэж босгохгүй хойно хариуцлагатай байж, цагийн хуваарь, бие даалт, даалгавруудаа нарийн төлөвлөж сурвал ажил дээр гарсан хойно ч насан туршид хэрэг болно. Хэдийгээр магистрын сургалтад танхимын хичээл харьцангуй бага ч төгсөх дөхөөд судалгаа, диссертаци бичих үе их. Түүнээс гадна төгсөөд ажилд орох тул биеэ өвтгөхгүй байхыг хичээж, амьдралын буруу хэвшилтэй бол засаарай.

Хятадын их, дээд сургуулиуд шалгалтыг бол үнэхээр хатуу авдаг. Кинон дээр харж байсан байх л даа, шалгалтын ангийн эргэн тойронд утасны сүлжээ, WiFi унтраагч төхөөрөмжүүд суурилуулна, камераар хянана. Багш нар анги дундуур холхиж, оюутнуудын царай, үйлдлийг хянаж байгаад бусармаг үйлдэл гаргагч этгээдийг дор нь барина. Хятадаас сурах юм их бий. Учиргүй мэргэжлийн хичээлдээ “гавал” болдоггүй юм гэхэд ядаж өөрийгөө хуурахгүй, үнэнч байхыг, дүрэм журмыг мөрдөхийг сурах хэрэгтэй.

Эцэст нь, эргэн тойрны хэдэн хүмүүсээ хараад “Аан эд нар ингээд байхад би ч бас болох байлгүй” гэж бодон урсгалаар явалгүй, өөрийн бодолтой байж өөрөө л хичээж, өөр байх хэрэгтэй шүү. Бүгдэд нь эрдэм номын амжилт! 多多保重!

 

СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭНЭ ҮҮ

Таны хувийн мэдээлэл цааш түгээгдэхгүй. Доорх бүх талбаруудыг бөглөнө үү.